ШИВЭЭХҮРЭН БООМТ 1990-ЭЭД ОНД

Шивээхүрэн боомт 1992 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Хөхөлзөхийн говь нэртэй газар хилийн 572 дугаар тэмдгийн чиглэлд анх байгуулагдсан.

Шивээхүрэн-Сэхэ түр боомтыг 1992 онд нээснээр ойр орчмын Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймаг сумдын аж ахуйн нэгж, иргэд бараа солилцоогоор хилийн худалдаа хийж, хэрэгцээт зарим бараагаа авах, садан төрөлтэйгээ уулзахаар ирдэг байв. Энэ чиглэлээр барааны чанар сайн, өртөг өндөр, наймаачид цөөн байсан.

Тухай үед хилийн боомтыг одоогийнхоос 23 км зайтай эзгүй газарт ажиллуулж, тэнд нь худаг усгүй тул 20 км холоос зөөврөөр ус авчирдаг, жилийн бүх улиралд шороо шуурч, зун нь маш их халуун болдог. 

1993 онд ганц жижиг байр, чанар муутай баригдсан саравч хашаа байсан. Боомтыг нээгээгүй үед хилийн цэргийн харуулын пост байрладаг. 1994 он хүртэл Улаанбаатар хотын гааль хариуцаж байсан.

Боомтыг жилд 4 удаа 20 хоног хүртэл хугацаагаар нээн ажиллуулдаг.

УГЕГ-ын даргын 1994 оны 01 дүгээр сарын 14 өдрийн 06 тоот тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг хариуцсан Өмнөговь аймаг дахь гаалийн байгууллага байгуулах шийдвэр гарч, даргаар нь Ц.Бат-өлзий, нягтлан бодогчоор С.Наранбилэг нар томилогдон 3 дүгээр сарын 20 өдөр Өмнөговь аймгийн ЗДТГ-ын цэргийн хэлтэсийн нэг өрөөнд байрласнаар  Өмнөговь аймаг дахь гаалийн байгууллага албан ёсоор ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Боомтууд хуваарьт хугацаанд нээгдэхэд УБ хот бусад аймгийн гүний гаалийн байцаагчид томилолтоор ирж хамтран ажилдаг байсан. 

Та бүхэнд, ялангуяа залууст  ерээд оны үед Шивээхүрэн боомтын нөхцөл байдал, бараа эргэлт ямар байсан, хил худалдаа хэрхэн явагддаг байсныг харуулах зорилгоор архивын баримтын хэсгээс сонирхуулья.

1994 оны 5  сарын 01-нээс 16 өдрийг дуустал ажилсан боомтын тайлангаас /Өмнөговь аймгийн гаалийн байгууллагын ня-бо С.Наранбилэгийн илтгэл/: “Улаанбаатар хотын гаалийн газрын ажилтан Д.Баясгалангийн удирдлага дор шалгагчаар дагалдаж ажиллав. Энэ хугацаанд улсын хилээр манайхаас 438 хүн үүнээс 4 хүүхэд гарч, 436 хүн буцаж ирсэн. Ачааны 16 машин, суудлын 17 машин гарч бүгд эргэж орсон. Манайхаас экспортоор тэмээний ноос 15.2 тн, хонины ноос 1.1 тн, хонины нэхий 170 ш, ямааны арьс 260 ш, зүсмэл банз 5 м3 , монгол гэрийн мод 3 ш зэрэг 6 нэр төрлийн 30 гаруй мянган долларын бараа гаргаж, гурил 20 тн, цуу ямбуу 1500 м, цоохон даавуу 900 м, цагаан будаа 3 тн, элсэн чихэр 4 тн, ёотон 1 тн, нарны гэрэл 17 ком гэсэн 7 нэр төрлийн 12 мянга орчим ам долларын бараа оруулж ирсэн. Эндээс 20-иод мянган ам долларын бараа орж ирээгүй харагдаж байгаа нь ихэнх аж ахуйн нэгжүүд Хятадын талын бараа чанар муу, үнэ тохирохгүйгээс дараа 8 сард авахаар тооцсон гэсэн байна. Манай аймгаас 8 аж ахуйн нэгж хилийн худалдаа хийж, тэмээний ноос 12.9 тн, хонины ноос 0.3 тн, хонины нэхий 30 ш, ямааны арьс 150 ш бүгд 4 нэр төрлийн 23 мянган ам долларын бараа гаргаж, гурил 14 тн, элсэн чихэр 3 тн, цагаан будаа 2 тн, телевизор 4 ш, ёотон 1 тн, нарны гэрэл 17 ком бүгд 6 нэр төрлийн 9 гаруй ам долларын бараа оруулж ирсэн байна. Шинээр томилогдсон ажлын хувьд хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийх, гаалийн бичиг баримтыг бүрдүүлэх, тооцоо хийх зэрэг аргачлалд зохих дадлага олж, анхын мэдэгдэхүүнтэй боллоо. Мөн урьд өмнийн хил худалдааны гаалийн татварын өр барагдуулах ажлыг гүйцэтгэв” гэжээ. 

1994 оны 8 сарын 1-15 өдрүүдэд ажилсан боомтын тайлангаас /Ня-бо С.Наранбилэгийн илтгэл/: “Шивээхүрэн боомт 1994.8.1-15 нд нээгдэж УГЕГ-аас ирсэн Ширэндэв даргын удирдлага дор ажиллав. УГЕГ-аас анх ахалж ирсэн сургалтын төвийн багш Д.Ганбаатарын биеийн байдал муудаж, 8 сарны 04-нд өвчний учир нас барж бидэнд уй гашуу тохиолдов. Бусад өдрүүдэд ажил хэвийн явагдав. Дээрхи хугацаанд автомашин 124, зорчигчид 1242 гарч, Хятадын талаас зорчигч 558 орж гарлаа. Хил худалдаанд манай улсаас 45 аж ахуйн нэгж, үүнээс өөрийн аймгийн 22 аж ахуйн нэгж худалдаа хийлээ. Урьд 5-р сарыг бодвол хил худалдаанд оролцож буй иргэд аж ахуйн нэгж олон байсан тул 2-р зоо гэдэг газарт байрлуулж Хятадын талаас түншүүд нь ирж харилцан тохиролцох замаар арилжаа хийгдлээ… Цаашид хилийн боомтыг тохижуулах, хил хяналтын албадыг ажиллах нөхцөл боломжоор хангах, үүнд ачаа шалгах тавцан зайлшгүй шаардлагатай байна.” гэжээ.

1995 оны 6 сарын 01-20 өдөр ажилсан боомтын ажлын тайлангаас /Өмнөговь аймгийн Гаалийн байгууллагын шалгагч Ц.Батбилэгийн илтгэл/:  “УГЕГ-ын ГУБ Дүгэржэнжуугийн удирдлага дор УБ хот, Сэлэнгэ, Булган, Дундговь, Өмнөговь аймгийн гаалийн байцаагч нар ерөнхий газрын удирдамжийн дагуу гаалийн хяналт шалгалтыг гүйцэтгэв. Энэ удаагийн нээлтээр манай талаас Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, УБ хот, Говь-алтай аймгийн 40 гаруй аж ахуйн нэгж байгууллагаас ачааны машин 80 гаруй, суудлын машин 200 орчим гарч тэмээний ноос, хонины ноос, арьс нэхий, бодын хөөвөр, хаягдал хар төмөр зэрэг 11 төрлийн 156659 ам долларын барааг экспортлож 2000 гаруй Монгол иргэн гадаад зорчлоо. Хятадын талаас суудлын машин 200 орчим, 1000 орчим Хятадын иргэд орж ирсний дээр импортоор 23 нэрийн 182891 ам долларын бараа орсны дотор хөдөлмөрчдийн өргөн хэрэглээний гурил, будаа, сахар, ямбуу, брезент, ногоон цай, лаа, ундаа, бээжин жийп машин, мотоцикьл, трактор зэрэг бараа орсон бөгөөд Монгол Хятадын хамтарсан “Нарийн сухайтын нүүрсний уурхай”, “Гурван тэс” ББХК-ны дүрмийн санд 641310 ам долларын тоног төхөөрөмжийг гааль, худалдааны албан татвараас чөлөөлж оруулахаас 97370 ам долларын бараа нь энэ сард орж ирсэн. Анхан шатны боловсруулалт хийгээгүй ноолуур хууль бусаар хил нэвтрүүлэх оролдлого идэвхтэй хэвээр байна. хилээр боловсруулаагүй ноолуур гаргах гэсэн оролдлого 3 удаа гарч нийт 5 тн гаруй ноолуур хураагдсан. Хилийн боомт хаагдах эцсийн өдөр бүх ачааны машин импортын бараагаа ачиж бөөнөөр нэгэн зэрэг хилээр орж ачааллыг ихэсгэж, гаалийн хяналт шалгалтыг зориудаар хүндрүүлэх зохион байгуулалттай ажил явагдсаар байгааг анхаарах хэрэгтэй байна. Энэ нээлтээр цаг агаарын халуун, шороотой хүнд нөхцөлд, орон байрны ахуй хангамж муу, ажиллах нөхцөл бүрдээгүй нь хяналт шалгалтад сөргөөр нөлөөлөв. Хойшид гаалийн хяналт шалгалтын бүсийг эмх цэгцтэй болгох, зориулалтын вандан бий болгох хэрэгтэй байна.”  гэжээ.

1995 оны 9 сарын 01-20 өдөр ажилсан боомтын ажлын тайлангаас/Өмнөговь аймгийн Гаалийн байгууллагын гаалийн байцаагч Х.Баянмонголийн илтгэл/: “УГЕГ-ын ГХШГ-ын байцаагч Баярмаагийн удирдлага дор УБ хотын гаалийн байцаагч Мөнгөнтуяа, Булган аймгийн гүний гаалийн дарга Гансүх, гаалийн байцаагч Жаалтар, Дүүриймаа, Баянхонгор аймгийн гүний гаалийн байцаагч Эрдэнэчимэг, шалгагчаар УБ хотын гаалийн Санжаа, нохой хөтлөгчөөр Одгэрэл нарын хамт ажиллаа. Хятадын талаас гэрээтэй барааныхаа үнийг өгөхгүй, ноос, түүхий эдийн ханш муу байснаас экспорт 9-ний өдрөөс эхлэж, ялангуяа Баянхонгор аймгийн худалдаачид олон хоног хүлээсэн. Нийтдээ 69 аж ахуйн нэгж бараа экспортлож, 68 аж ахуйн нэгж импортоор бараа оруулсан. Экспортоор 377.7 мянган ам долларын бараа гаргаж, 146.8 мянган ам долларын бараа импортлов. Гаальд бүгд 4948.6 мянган төгрөгийн орлогын мөнгө хурааж, бэлэн мөнгөний тооцоог Гурван-тэс сумын болон аймгийн төвийн ХАА-н банкинд тушааж тооцоог бүрэн дуусгав. Нарийн сухайтын нүүрсний уурхайгаас 185.0 тонн чулуун нүүрс гаргасан. Нийтдээ 33 зөрчил илрүүлж 343.0 мянган төгрөгийн торгууль тавьж, мануулын арьс 1 ш, үнэгний арьс 2 ш, ноолуур 87.5 кг-ийг хурааж улсын орлого болгов. Архийг газар дээр нь устгаж акт тогтоов. Цаашид санал болгох: 1. Аймагт гадаад худалдааны асуудлыг нэгтгэн зангидаж хариуцсан хүнтэй болох. 2.Экспортын барааны үнэ ханшийг хил нээгдэх үеэр албан ёсны төлөөлөгч нар явж тогтоосний дараа барааг ачуулж байх зохион байгуулалтын арга хэмжээ авах. 3. Хил дээр ажиллаж буй албадын унааны асуудлыг зохистой шийдвэрлэж байх. Ялангуяа өндөр үнэтэй ноолуур мэтийн барааг ихээр ачих тохиолдолд боломжийн тусгай унаагаар авах. 4. Шивээхүрэнгийн боомтын байршлыг эцэслэн шийдвэрлэж, боомтын тохижилтын хөрөнгийн талаар төвд асуудал тавих. ” гэжээ.

1996 оны 3 сарын 01-20 өдөр ажилсан боомтын ажлын тайлангаас: “Боомтын ойролцоох хилийн бүс дагуу хяналт шалгалт хийх явцад Улаанбаатар хотын иргэн С, Ч нарын хүмүүс Mercedes benz 500, Mercedes benz 560 маркийн автомашиныг улсын хилээр хуул бусаар нэвтрүүлэх гэсэн оролдлогыг илрүүлэн саатуулж гаалийн хуулийн дагуу хурааж, холбогдох материал УГЕГ-т хүргүүлэв”

 

Хил худалдааны нөхцөл байдлыг хэлэлцэх зорилгоор Өмнөговь, Дундговь, Баянхонгор аймгуудын Засаг дарга нар, бизнес эрхлэгчдийг урьж оролцуулсан “Бизнес-97” зөвлөгөөнийг 1997 онд Өмнөговь аймгийн төвд зохион байгуулж, Ц.Бат-өлзий дарга илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. 

Илтгэлийн хэсгээс: “Манай хамт олон хилийн цэргийн 0131, 0166-р ангиуд, хилийн мал эмнэлэг эрүүл ахуй халдвар судлал, чанар стандарт, ургамал хорио цээр зэрэг албадтай ажлын сайн харьцаатайгаар гаалийн хяналт шалгалтын ажлыг зохих түвшинд гүйцэтгэж байдаг. Мөн туушин компанийн хоёр мэдүүлэгч ажил үүргээ сайн гүйцэтгэдэг. Хилийн боомтод аймгийн цагдаагийн хэлтэс, тагнуулын алба тогтмол ажиллаж авто хөсөг, зорчигчдыг журамлан зохицуулж байна.Мөн албан татварын алба, банкны байгууллагатай байнгын холбоотой ажиллаж хилийн боомтын нээлт бүрээр хийгдсэн ажил болсон асуудлаар аймгийн Засаг дарга, Тамгын газарт албан ёсоор танилцуулж зарим асуудлаар захирамж шийдвэр гаргуулж санал бодлоо илэрхийлж байна. НЭГ. Хилийн боомт түүний тохижилт, хил худалдааны явц байдал, түүнийг засах арга замын талаар санал бодлоо илэрхийлье. Тус аймаг зэргэлдээх БНХАУ-ын хоёр аймагтай хилийн худалдаа хийж эхэлсэн нь аймгийн ард түмний аж амьдралд нэн тустай үйл явдал болж байгааг бид өнөөдөр харж байна. Худалдаа эхэн үедээ хэн хэндээ ашигтай хэрэгцээ шаардлага хангахуйц хэмжээнд явагдаж байсан боловч сүүлдээ Хятадын талд ашигтайгаар эргэх хандлагатай боллоо. Энэ нь манай талын нэгдсэн бодлого чиглэлгүй байгаатай холбоотой байна. Өнөөдөр хилийн худалдаанд оролцож байгаа аль ч аймгийн аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар чиглүүлж, бодлого барьж байгаа юм алга, тэд өөр өөрсдийн дураар үнэ ханшаа тогтоож байгаагийн дээр худалдаа наймааны арга туршлагагүй хэн дуртай хүн хилийн худалдаанд оролцож, хавтгайрах хандлагатай боллоо. Энд үгүйлэгдэж байгаа асуудал бол: А/. Хилийн худалдааны бараа солилцооны гэрээ байна. Гэрээг дан ганц Хятад талд хэвлэсэн тэдний бодол санаанд тохирсон олон улсын стандарт шаардлага хангаагүй ёс төдий маягтыг хэрэглэж байгаа нь үнэ ханш чанар зэрэг наад захын шаардлага, дараа нь ямар нэг асуудал гарахад хууль эрхийн баталгаа болж чадахгүй байгааг Хятадууд ашиглаж байна. Иймд гэрээний асуудлыг авч үзэж шаардлагын хэмжээнд хууль ёсны болгох нь зүйтэй байна. Б/. Хилийн хоёр боомтод худалдаанд оролцдог аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн бодлого чиглэлтэй болгох, үнэ ханш, чанарын тогтолцоог зах зээлийн харилцаатай уялдуулан шийдвэрлэхэд зэргэлдээ аймгуудын удирдлагууд хамтарч ажиллах. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь хилийн худалдаанд оролцож үнэ ханш унагах байдлыг болиулах. В/. Тус аймагт зарлагдаад байгаа гаалийн баталгаат агуулахыг ашиглаж бэл бэнчинтэй гадаад талдаа түнш сайтай наймаачдыг энд татан ард түмний өргөн хэрэглээний барааны нөөц бүрдүүлж өгөх. Ингэснээрээ хилийн худалдааг болж өгвөл өөрийн нутгийн гүнд татах. Экспорт импортын барааны чанарыг дээшлүүлэх, үнэ ханшийг өөрт ашигтайгаар зохицуулах. Ард түмнийг гол нэрийн бараагаар найдвартай хангах. Өөрийн наймаачдын зардлыг багасгах ашигтай. Г/. Баяннуур, Альшаа аймгийн удирдлагуудтай харилцан уулзаж тохирох асуудлыг аймгийн удирдлагаас зохион байгуулахдаа зэргэлдээх аймгийн удирдлагууд болон холбогдох зарим нөлөө бүхий пүүс компанийн эздийг оролцуулж хиймээр байна. Хоёр талын аймгуудын удирдлагын албан ёсоор тохирч гарын үсэг зурсан баримт бичиг нь хилийн худалдаанд оролцогчдын баримтлах ёстой зүйл байвал зохимоор байна. Д/. Нарийн сухайтын нүүрсийг экспортлох үйл ажиллагааг авч үзэн шийдвэрлэх шаардлагатай байна. Е/. Хилийн худалдааг боомтууд дээр хийж байгаа нөхцөлд хоёр талдаа ээлжлэн хийдэг болох. Ингэхийн тулд өөрийн талд нөхцөл бололцоог бий болгож агуулах, дэлгүүр, гуанз, буудалтай болгох асуудлыг боловсруулж шийдэх. ХОЁР. Хилийн боомтын тохижилт, хил гааль хяналтын албадын ажиллах нөхцлийн талаар. А/. Хилийн хоёр боомтод баригдсан барилгын ашиглалт эзэмшилт учир дутагдалтай байгаагаас тэнд удаан хугацаагаар ажиллаж, амьдрахад бэрхшээл учирч байгаа тухай урьд олон дахин яригдсан. Гашуунсухайтын хувьд барилга эзэмшигчийг шийдэх эсвэл Баян-итгэлт компанид байхаар бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж засвар хийх, хэний ч мэдэлд байлаа гэсэн ашигтай ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх. Шивээхүрэн боомтын хувьд хилийн цэргийн 0166 дугаар ангийн мэдэлд шилжүүлсэн тул эзэмшигчийн хариуцлагыг өндөржүүлэх. Хоёр боомтод ундны усны асуудлыг зориуд авч үзэж шийдэх. Боомт бүрийн хоёрдугаар зааг дээр цагдаа, байгаль орчны байцаагчид хилийн цэргийн шалган нэвтрүүлэх алба зэрэг хүмүүсийн ажил амралтын байр бий болгож ажиллах бололцоогоор хангаж, хариуцлагыг өндөржүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хоёрдугаар заагт байгаль орчныг хэтэрхий бохирдуулж машин хүн хоёр замбараагүй холхиж дуртай газраараа зорчдог. Тэнд нэгдсэн удирдлага зохицуулалт байхгүй, хавтгайрсан архидалт болдог. Одоогийн байдлаар “өвгөнтийн хөндий” гэдэг нэр аваад байна. Энэ байдлаас болж хүний амь нас хохирох, авто осол гарах явдал байсаар байна. Цаашдаа гадаадын иргэдтэй зүй бусаар харьцах хандлага гарч болзошгүй байгаа нь хоёр улсын харилцаанд муугаар нөлөөлөхөд хүрч болзошгүй юм. В/. Манай зорчигчид, аж ахуйн нэгжийн эзэд улсын хилээр гараад буцаж ирэх хугацааг баримталдаггүй, хил хаах эцсийн өдөр бөөндөө гарч орж хил гаалийн хяналт шалгалтын ажлыг зориудаар хүндрүүлдэг. Сүүлийн үед хилийн цаана үлдээд зардал чирэгдэл болж очиж гаргаж авдаг явдал давтагдахад хүрч байна. Энэ талаар холбогдох байгууллагуудаас хамтран шийдвэр гаргаж хатуу тогтоосон журамтай болгох. Г/. Хилийн боомтуудад Хятадын талаас холбогдох албаны хүмүүс ирж бидэнтэй уулзалт хийх асуудлууд гардаг. Ийм үед албан ёсны хоол өгөх явдал гарах юм. Үүнд зориуцсан зардал төсөв ч алга, үйлчлэх байр, ширээ сандал шаардлагатай хэрэгслийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ нь улс аймгийн нэр хүндтэй холбоотой, бас ч дипломат ёсны асуудал. Д/. Хоёр боомтод хил хяналтын албад ажлын байргүй байгаагаас өвөл зуны аль ч улиралд гадаа зогсож үүргээ гүйцэтгэж байна. Боомтуудад гааль, хяналтын албадын хүмүүсийн конторын жижиг барилга баймаар байгааг хамтарч хөрөнгө гарган барьж болох байна./хятадын ганц модонд байгаа шиг/ ”

1997 оны 1 сарын 01-20 өдөр ажилсан боомтын ажлын тайлангаас: ”Бизнес-97 зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгож анх удаа аймгийн Засаг даргын бие төлөөлөгч боомтод ажиллаж боомтын хоёрдугаар зааг дах гуанзууд, аж ахуйн нэгж иргэдийн бараа тээврийн хэрэгслийг нэг дор төвлөрүүлэн журамлаж, эрүүл ахуй, байгаль орчины байцаагч, тээврийн бирж, албан татварын байцаагчид, цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг нэгдсэн удирдлагаар ханган ажилснаар тодорхой үр дүнд хүрч гаалийн хяналт шалгалтад тус дөхөм үзүүллээ. Хилийн худалдааны явц байдлаас үзэхэд үнэ ханш бага зэрэг өсөлттэй байна. Тэмээний ноосыг 16-18, ноолуурыг 135-140, хонины ноос 6, үхрийн хөөвөр 6-8 юаниар тус тус авч байгаа нь эрхбиш өсөх хандлагатай бөгөөд импортын барааг өсгөөгүй байна. Энэ нь манай улс дотооддоо Монгол Америкийн хамтарсан Амикал компани, Жаргалсайханы Буян компани, Говь компаниуд ноос ноолуурыг бэлэн мөнгөөр авч эхэлсэнтэй холбоотой байна. Гаалийн хяналт шалгалтад зориулж 2 контейнер байрлуулсан нь машины тэвшнээс ачаа барааг буулгаж шалгах,  хураагдсан, саатуулагдсан барааг түр агуулахад маш тохиромжтой болсны дээр автопүүнээс гадна 500 кг-ын пүү  ажиллуулав.”   

Нийгэм эдийн засгийн өмнөх байгуулал бүрэн задарч, ард олон хүнс, наад захын хэрэгцээт бараагаар гачигдаж дутагдсан, төр нийгмээрээ учраа олохгүй бужигнасан, хилийн боомтууд шинээр нээгдэж, шинэ тутам үүссэн аж ахуйн нэгжүүд гадаад худалдааны мэдлэг туршлагагүй, хилийн боомтод үүрэг гүйцэтгэх гаальчид байр сууц, наад захын  тоног төхөөрөмжгүй, юм юм дутагдсан хүнд цаг үе байсан.  Ийм үед ахмад гаалчид маань төр улс, түмэн олондоо чин шударгаар үйлчилж, гаалийн албыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж байсныг дээрх цөөн баримтаас иш татан харууллаа.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *