Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлт хийж байгаа гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй 2 дахь удаагын уулзалт зохион байгууллаа

         2018 оны 1-р сарын байдлаар гаалийн баталгаат зам буюу концессын замд гаалийн хяналтад байгаа барааг /нүүрс/ тээвэрлэж яваад онхолдсон осол 24 гарсан нь өнгөрсөн 2017 онд гарсан  нийт ослын 25%-тай тэнцэх өндөр үзүүлэлт бөгөөд осол гарч буй гол шалтгаан нь гаалийн харилцаанд оролцон тээвэр хийж буй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсантай холбоотой байна. Хэдийгээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь цагдаад харьяалагдах зөрчил боловч гаалийн баталгаат зам дээр гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэж явах үедээ гаргаж буй зөрчил гэдэг талаасаа гаалийн байгууллагын зүгээс тээвэрлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох ба энэ тохиолдолд аж ахуйн нэгж дээр авах торгуулийн хэмжээ өндөр цаашлаад тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд яригдах асуудал гэдгийг сануулж,   гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс жолооч нарынхаа дунд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр шат дараатай ажил зохион байгуулж ажиллахыг газрын даргын зүгээс үүрэг болголоо. Мөн аж ахуйн нэгжүүдтэй хийх уулзалтыг сар болгоны эхний долоо хоногт багтаан хийж байх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тал дээр хамтарч ажиллах талаар ярилцаж тохиролцлоо.

        ШХГГ-аас 2018.03.05 ны өдөр зохион байгуулсан 2 дахь уулзалтаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэхэд 2-р сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон осол гараагүй нь өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгавар үр дүнгээ өгсөн нь харагдаж байна.

Тус уулзалтаар гаалийн харилцаанд оролцон нүүрс тээвэрлэн гарч буй жолооч нарын гаргадаг ГХБ-ийн дэглэм зөрчих, гаалийн зорилгоор хийсэн тэмдэглэгээг гэмтээх зэрэг нийтлэг зөрчлүүд гарсаар байгааг сануулж, 2018 оны 1, 2 дугаар сарын байдлаар нүүрс тээврийн жолооч нар гаргасан зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэсэн байдлын талаар мэдээлэл өгч цаашид хууль сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг жолооч нарынхаа дунд шат дараатай тогтмол зохион байгуулж байхыг анхаарууллаа.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *